Friday, April 13, 2012

Тоост орчлонгийн найранд- Бурмаа

Тоост орчлонгийн найранд
Оройтос хийгээд ирээ юу
Тосч угтаагүй амраг
Хүнийх болсон байдаг
Тоож өсөх насанд
Тойрч ирсэн хайр минь
Тооноо түгсэн амьдарлын тань
Тотгыг мөргөөд буцлаа

Сүүдэрт орчлонгийн найранд
Сүүлдэс хийгээд ирээ юу
Сүй болзоогүй амраг
Бусдых болсон байдаг
Бодол хөглөх насанд
Гуниг тээсэн хайр минь
Босгож барисан гэрийн тань
Босгонд бүдрээд буцлаа

Өнгөт орчлонгийн найранд
Өндөрлөс хийгээд ирээ юу
Ерөөл хэлцээгүй амраг
Өрөөлийг болсон байдаг
Өвөр ханисах насанд тойрч одсон хайр минь
Өрхөө татсан амьдарлын тань үүдэнд төөрөөд буцлаа

Хаяа тэлсэн амьдарлын тань
Хатавчыг бараадаад яаана вэ
Хана тусгаар жаргалыг
Хажуунаас догдолоод яаана вэ
Үрээ өсгөсөн амьдралын тань
Үүдэнд бүрэлзээд яаана вэ
Өрх тусгаар жаргалыг
Өрөөлдөж цэгнэж яаана вэ

Friday, June 24, 2011

Чамдаа

Тэртээх хаврын өдрүүд шиг хөтлөлцөөд нэг алхамаар
Тийм яруухан мөч хөлгийн төвөргөөн шиг нижигнэн
Уйтай сэтгэлийн минь аниргүйг сэрээн
Уулга алдан айсуй

Үгүйдээ хайрт минь би мартаж чадахгүй
Үнэндээ чи ч бас мартахыг хүсдэггүй
Харцны чинь гэгээнд шүлэг тэрлэж явахад
Хаврын шувуудын дуун эцээд болдоггүй ээ
Заяа заяагаа дагасан тавилан гэж байхаас
Зайгүй дотно сэтгэлд хагацал гэж байдаггүй
Мянган хунгийн жигүүрийн салхинд сэмрэх
Мяндсан үүл шиг хэврэгхэн сэтгэл надад байхгүй
Орь залуу нас хийгээд гуниг уйтгарын тухай
Одоо би шүлэглэхээ больсон
Өтгөн мөчирт зугаацаж ханаад гургалдай нисэх шиг
Өнгөрч холдсон дурсамжаасаа ажуухан залхах болсон
Чиний тухай мөрөөдөж ханасаан амраг чинь
Цээжин дэхь нууцаа задлахыг чинь харин хүлээхгүй
Аянч хун нуурийн толионд буух шиг л
Алжааж хүлээсэн цаг мөч миний мэдэлд ирлээ
Мянган жил өнгөрсөн ч шинэхэн байх үгийг
Магад одоо л хэлий чамд би хайртай

Wednesday, June 1, 2011

Он цаг сэтгэлийн жимээр

Он цаг сэтгэлийн жимээр шогшоно
Оготор бошинз шүүгээнд өтөлнө
Хавар хаврын болзоо шүхэр дор хоргодоно
Халаасандаа би бутархай мөнгөтэй үлдэнэ
Цаг хугацаа цасны үнэрээр хуучирна
Цамцны энгэрт шинэхэн учрал төгсөнө
Зүг зүгийн тэнгэрт буцах шувууд гангана
Зүрхэндээ би шивнээ үгтэй үлдэнэ
Өдөр хоногууд хагацлын дуу аялна
Өнгө зөрүү амьдралд өндөр өсгийт илүүдэнэ
Намар намрын навчис харих замыг хучихад
Намтартаа би худал үггүй үлдэнэ

Танилцах зар барисан залуу

Танилцах зар барисан залуу
Танимхайран угтана
Хүүхэдгүй, ганц бие гэж
Хүрмээ тайлангаа үглэнэ
Байргүй ч гэсэн ажилтай гэж
Барайж байгаад тайлбарлана
Зуун далаас дээш өндөртэй
Зуугаас дээш цалин авдаг
Зуух шиг халуун гэж
Зарын сонин дээр бичжээ
Хүйтэн, харанхуй хотын гудамжаар
Хөлсний унаа хүлээж зогсох шиг
Хөл өвдөнө, сэтгэл өвдөнө
Хөмсгөө будаж амжаагүйгээ
Сая санана... санаа алдана

Түүнд би итгэхгүй

Түүнд би итгэхгүй
Түүний өвөрт жаргахгүй
Навч шиг гандахгүй
Намрын өнгөөр гунихгүй
Түүнд би итгэхгүй
Түүдэг шиг шатахгүй
Салхи шиг шуурахгүй
Санааны үзүүрт шаналахгүй
Түүнд би итгэхгүй
Түрийвч шиг амьдрахгүй

Эх нутагт минь намрын өдрүүд ирнэ

Эх нутагт минь намрын өдрүүд ирнэ
Эжийн минь сэтгэл навчсын гунигаар шуурна
Энгэр юуг нь түшээд уйлмаар бодогдоно
Эрхэлж өссөн насаа дурсмаар санагдана
Эх оронд минь намрын салхи үлээнэ
Элс нүүдэлж, говьд тэмээ буйлна
Даруухан бор толгодод нар хоргодож өнжинө
Дасахаас айсан зүрх минь хэн нэгнийг үгүйлнэ
Уул талаар намрын будан татна
Уугаад суухад сэтгэлд будан татна
Улирлын өнгөөр тэнгэр нүүнэ
Учирлын холоос нутгаа санана

Thursday, December 16, 2010

Чи хаачив